Өнөөдөр Улаанбаатарт телевизийн 20 гаруй суваг ажиллаж, нэлээд нь Монгол даяар нэвтрүүлгээ хэдийнэ цацдаг болжээ. Харамсалтай нь өөр хоорондоо ялгарах юмаар тун маруухан агаад гагцхүү цаад нууц ноёнтон нь хэн бэ гэдгээрээ ялгагдана. Нэг нь Доржийг газар дор ортол муулж байхад нөгөө нь харин амаа олохгүй магтаж байдаг. Иймээс төрөөс төрсөн тэрбумтнууд арьсаа хамгаалахын тулд, аль эсвэл өрсөлдөгчөө намнахын тулд суваг эзэмшдэг гэсэн яриа олон нийтийн дунд гарчээ. Зарим нэвтрүүлэг илт захиалгын шинжтэй, төлбөртэй гэдэг нь захын үзэгчдэд илэрхий мэдрэгдэнэ. Бүх аймаг хэрэндээ таарсан орон нутгийн телевизтэй гээд бодвол хоёр сая гаруйхан бид чинь ямар олон суваг үздэг юм бэ? Би үзэгчийн хувьд амьдралын үнэнийг бодитой харуулсан, эрх ашгийн зөрчлөөс ангид, элдэв үнэлэлт дүгнэлтгүй мэдээ мэдээллийг хүсэн хүлээдэг. Наад зах нь УИХ-ын 76 гишүүн юу амлаж гарч ирээд, яаж авирлаж байгааг нь байнга сануулах хэрэгтэй юм шиг. Гэтэл бүх ТВ-ийн мэдээ адилхан мөлжүүртэй. Хэвлэлийн бага хурал, гал түймэр, аваар ослоос хэтрэхгүй. Монголд эдгээрээс өөр үйл явдал болдоггүй юм уу? Аймаг суманд амьдрал зогсчихоогүй баймаар. Тэгсэн мөртлөө гадаадынхныг илт дуурайсан реалити шоу гэгч нь хийх юмаа олж ядсан хэдэн залуусыг цуглуулчихаад ярьж хэлэх үгээ ч онохгүй юм. Ялангуяа цаг нөхцөөсөн “72 цаг” шоунд ямар утга учир байнаа? Гадны зарим сувгаар ширүүн өрсөлдөөнтэй, авхаалж самбаа сорьсон, өгөөжтэй иймэрхүү нэвтрүүлэг олон үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө суулгадгийг үгүйсгэж болохгүй.
Нэр дурдвал “АХА” нэвтрүүлэгт оролцогчдын мэдлэгийн түвшин үнэхээр дорой, хөтлөгчийн асуулт ч ойлгомжтой бус байх нь цөөнгүй. Хүүхэд багачуудад зориулсан нэвтрүүлэг хомс атлаа “Үлмэдэх Цэцэгхэн хотхонд”-оос санаа авсан “Унагалдайн цаг”, “Лоолойгийн найзууд” нь нийтлэг нэг л төрхтэй. “Өдөн дэр”, “ТВ коктейль”, “Кофе юу цай юу” ч мөн адил. Хүмүүс орой болгон бантан, эсвэл гурилтай хоол идэхийг хүсдэггүй биз дээ. Харин “Аяллын цаг”, “Монголоо хайсан Монгол”, “Үүргэвчтэй аялал”, “Америкийн өнгө” нь очсон орон, уулзсан хүмүүс нь өөр болохоор сонирхолтой байдаг. “Танайд хоноё” эхлээд өвөрмөц өнгө аястай, товлосон айлгүй тааралдсан газраа хонож байхад үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг байж. Өрх толгойлсон эмэгтэй Тунгалагийнд хонож, траншейний хүмүүстэй ярилцаж байхад нийгмийн эмзэг асуудлыг хөндөж, хүний сайн муу чанарыг нээн гаргаж байлаа. Сүүлдээ сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг мөнгөөр рекламдаж, яваандаа боссуудын тансаг амьдралын битүүхэн өрсөлдөөнийг харуулаад ч байгаа юм шиг болсноороо мөн чанараа гээсэн гэж боддог. Орой болгон айлуудын хойморт залардаг Солонгосын олон ангит “савангийн дууриуд” монголчуудад хоорондоо яс хаялцаж, хэрхэн хэрэлдэж зодолдохыг шууд зааварчилж байна шүү дээ. Гудамж талбай, автобус троллейбусанд агсам тавьсан согтуу харчууд, хэрүүл хийсэн ямаан омогтой хүүхнүүд олширчээ. Хүч чадал оргилуун бадрангуй оршихын үндэс нь эв нэгдэл гэдэгсэн. Үүнээс үүдэн өгүүлэхэд онцлох үйл явдлаа ч монгол хүний үнэлэмжээр цэгнэж баймаар, Түүнээс биш С.Баяр мориноос ойчих нь хэнд хэрэгтэй юм бол? “Шөнийн толь” сурвалжлагыг хөтөлдөг залуу нэг дор хэд хэдэн автын осол гарахад бүр хөөрчихсөн харайлгаж явааг харахад хачин санагдсан. Юу нь сайхан байна вэ? Уг нь наяад онд телевизээр З.Алтайгийн нийгмийг сэрээсэн “Залуустай ярилцах цаг”, Б.Авирмэдийн өв соёлоо дээдэлсэн “Дөрвөн бэрх”, Д.Жаргалсайханы танин мэдэхүйн “Тулах цэг” зэрэг сайхан нэвтрүүлэг гардаг байлаа. Одоо ч үнэ цэнээ алдаагүй, эргэж нэг үзэхэд уйдахгүй байх. Харин “С1”, “Ийгл” Монголын хуучны уран сайхны кинонуудаас гаргадаг нь сайшаалтай. Ер нь тэгээд социализмын үед соёлын ордон, клуб, улаанбуланд гардаг киноны өмнө заавал үзүүлдэг байсан баримтат кинонуудаас хааяа толилуулж байвал хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжилд сайнаар нөлөөлж, ахмадуудад залуу насаа дурсах сайхан боломж олгох болов уу гэж санагдана.
 |